Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын удирдлагууд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Агаар орчны бохирдол хариуцсан тасаг, хог орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, орлогч дарга Ц.Цолмон, захиргааны хэлтсийн дарга Ж.Балжинням нар оролцлоо.
Зөвлөгөөнөөр төвийн зургаан дүүргүүд 2020-2021 оны галлагааны улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үйл ажиллагаанд сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг зорилтот байршилд нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар болон угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөөг олон нийтэд хүргэж ажилласаар байгаа талаар мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, "Тавантолгой түлш" ХХК, Нийслэлийн зургаан дүүргийн хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцлээ.