news-details
Мэдээ

Иргэдийг орон сууцжуулах ийм амархан байжээ


Гэр хорооллын дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ, дахин төлөвлөлтийг яаж явуулах нь зөв бэ, нүхэн жорлонгийнхоо асуудлыг шийдэх гарц нь юу байна, тэр дундаа хамгийн чухал нь утааг яаж бууруулах вэ гэдэг нь үе үеийн Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга нарын толгойн өвчин байлаа. Гэтэл сэтгэл байвал энэ ажлыг нэгхэн жилийн хугацаанд ч хийж болдог гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар харуулсан нь маргах аргагүй үнэн. Магтаал гэхээс илүү бодит байдал учраас үүнийг улс төрийн өнцгөөр харлуулж, эсвэл мушгин гуйвуулах шалтгаан бас алга. “Нэг жилийн дараагаас эхлэн Улаанбаатар хот руу нэг тонн ч түүхий нүүрс оруулахгүй шүү” хэмээн жилийн өмнөөс л сануулж, улмаар сайжруулсан түлш бэлтгэх, үйлдвэр байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх замаар айл өрхийг төвийн дулаанд холбох, мөн орон сууцжуулах хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүл хэмээн чиглэл өгсөн юм.

Энэ үүргийг хүлээж авсан Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан багаараа тууштай зүтгэсэн нь бас үнэн. Бараг л өөрөө товчоодыг сахих нь холгүй хяналт тавьж, нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулж чадлаа. Дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулж, Баянхошуу орчмын нэг гудамжийг жишиг болгон тохижуулав. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа явуулж байгаа ч олон талаар шүүмжлэл дагуулсан асуудал нь иргэдийн итгэл. Учир нь, АН-ын үед Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл дахин төлөвлөлт хэрэгжүүлнэ гэсэн нэрээр баахан иргэдийн газрыг чөлөөлж барилгын ажил эхлүүлсэн ч энэ нь үр дүнгээ тун бага өгсөн. Өнөөдөр ч энэ асуудлаар Э.Бат-Үүл хүүтэйгээ хамт шүүхэд дуудагдаж яваа. Тиймдээ ч дахин төлөвлөлт гэдэг үгэнд иргэд харшилтай болчихсон, үл итгэсэн байдлаар хандаж байгаа юм. Нөгөөтээгүүр, зах зээлд борлогдохгүй 40 гаруй мянган орон сууц байхад төр дахин мөнгө гаргаж, барилга барина хэмээн зөрүүдэлж буйг хэвлэлийнхэн ч чамгүй чимхсэн дээ. Эрэлт, нийлүүлэлт хоёрыг холбох төрийн гүүр л дутагдаж байгааг хангалттай бичиж байв. Тэгвэл энэ асуудлыг хамгийн түрүүнд олж хараад шийдэл боловсруулсан хүн нь Хотын дарга С.Амарсайхан болов.

Тэрбээр, хоёр долоо хоногийн өмнө хийсэн “Мэдээллийн цаг”-аараа Улаанбаатар хот анх удаа бонд гаргаж, иргэдийг орон сууцжуулах болсон талаар мэдээлэл өглөө. Өөрөөр хэлбэл, борлогдохгүй байгаа орон сууцыг нийслэл бонд гаргах замаар барилгын компаниудаас худалдан авч, нийслэлийн Орон сууцны корпораци хариуцан түрээслээд өмчлөх ажлыг зохион байгуулах аж. Өнгөрсөн жил ашиглалтад орсон “Буянт-Ухаа-II” хорооллын 972 айлын орон сууцнаас цөөнгүйг нь яг энэ зарчмаар иргэдэд эзэмшүүлсэн. Тухайн үедээ  360 гаруй айлыг түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр хамруулна гэсэн ч эрэлт маш их байгааг харуулж, нийтдээ 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлсэн байдаг. Эндээс жил гаруйн хугацаанд ердөө 3000 айлыг л түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулжээ. Цаана нь 32 мянган өрх дарааллаа хүлээж байна гэсэн үг. Мөн дахин төлөвлөлтийг ч шууд газрыг нь авах байдлаар бус эхлээд орон сууцанд оруулж, дараа нь газар чөлөөлөх байдлаар уян хатан явуулж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж, өнгөрсөн долоо хоногт гэхэд л  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд газраа чөлөөлж өгсөн 79 иргэний төлөөлөл байрны түлхүүрээ гардаж авсан юм. 26 жил тухайн газарт амьдарсан иргэн гурван өрөө байрандаа оржээ. Тухайн газарт нийтдээ 4.3 га газар чөлөөлөгдөж, 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

Нэг л өдөр бүгдийг нь орон сууцанд оруулж, эсвэл нийтээр нь дэд бүтцэд холбох боломж, төсөв, санхүү одоогоор Засгийн газарт, НЗДТГ-т ч байхгүй. Тиймдээ ч ээлж дараатай, эмх замбаараатай явуулах шаардлага үүсч буй учраас бүх л арга нүхийг сүвэгчилж, иргэдийг ээлж дарааллан орон сууцаар хангасаар байгаа нь талархууштай. Бонд гаргах замаар түрээслээд өмчлөх хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулсан бөгөөд тогтоол ч албажиж байгаа гэлээ. Мөн НИТХ-аар ч үүнийг хэлэлцэн дэмжсэн сайхан мэдээ дуулдлаа. Сангийн яам, Монголбанк, СЗХ болон бусад холбогдох газрууд НОСК-тай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа талаар НОСК-ийн зүгээс мэдэгдэв.  Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар баригдаж дуусаад захиалга авч буй 17788 орон сууц байгаа гэнэ. Эндээс 4078 орон сууц нь шууд түлхүүр хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Тэгэхээр Засгийн газрын тогтоолыг нэн яаралтай хэрэгжүүлсэн тохиолдолд 4078 айл орон сууцанд орж, 4078 яндан цөөрнө гэсэн үг. Цаашдаа нэг жилийн хугацаанд яг энэ зарчмаар ажилласан тохиолдолд 17 мянган яндан алга болно. Дутуу баригдсан, санхүүжилт нь зогсчихсон 40 мянган орон сууцыг төр яг энэ зарчмаар дэмжээд явсан тохиолдолд 200 мянган гэр хорооллыг дөрвөн жилийн хугацаанд л талыг нь ядахдаа орон сууцжуулах боломжтой юм. Төр ингэж л ажиллах ёстой.

Нэг нь гарч ирэхээрээ гоё хөтөлбөр боловсруулж, түүнийгээ өөрийн ах дүү, амраг садан, хүүхдээрээ хийлгэдэг бус хаа хаанаа нэг, нэгнээ дэмжээд явчихвал иргэдийг орон сууцжуулах их л амархан санагдаад байгаа юм. Барилгын компаниуд ч ядахдаа дампуурлаас гарч, ажлын байраа хадгална. Дагаад олон айл санхүүгийн хямралаас гарна. Утаа, дэд бүтэц, орон сууц гэсэн энгийн асуудлаас ядахдаа мөнгө хожих гэж, завших гэж улайрдаггүй хүмүүст төрөө даатгачихвал асуудал амархан шийдэгдэх боломжтойг бид эндээс харлаа. Дэлхийн аль ч улс оронд түрээслээд өмчлөх хөтөлбөр хэрэгждэг. Японд гэхэд л үл хөдлөх хөрөнгөө үе дамжин түрээслээд амьдардаг.

Тэгэхээр, иргэд ч банкны хүүнд дарлуулж, эс бөгөөс орон сууцны бизнесээр дагнасан хэсэг бүлэгт сардаа 250-650 мянган төгрөг өгч шулуулахгүй гэсэн үг. Банкинд 10 жил мөнгө төлөөд ч үндсэн хүүгээ төлж дуусаагүй байгаа айл өрх хэдэн зуугаараа байна. 10 жил 650 мянган төгрөгөөр гурван өрөө байр түрээсэлж, 78 сая төгрөгийг зөвхөн нэг иргэнд төлж буй айлууд ч олон байгаа. Гэтэл энэ мөнгийг хэрвээ түрээсэлсэн өөрийн байрандаа төлж явсан бол,  долоохон жилийн дараа л өөрийн гэсэн хоёр өрөө орон сууцтай болох боломжтой  байжээ. Ийм энгийн зүйлийг л төрийн толгойд очсон хэн ч санаачлахгүй байгааг мөн ч олон жил хэвлэлийнхэн шүүмжилсэн дээ. Одоо л ажил болох нь хэмээн найдаж сууя. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэх хэсэг бүлэг бол мэдээж банкныхан. Төрийн толгойг аалз мэт хэрсэн бүлэглэл хамгийн их эсэргүүцнэ. Найман хувиар иргэдээ мөлжиж, хүүгээр дарлах сонирхол тэдэнд байгаа учраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, цуцлуулахаар ч улайрах нь мэдээж. Гэвч Хотын дарга С.Амарсайхан бууж өгөхгүй гэж найдъя.  50 метр квадрат орон сууцандаа сар бүр төлөх 394 мянган төгрөгөө банкны хүүнд биш байрныхаа төлбөрт л тушаамаар байна. Энэ хөтөлбөрөө заавал ажил хэрэг болгоорой, Хотын дарга аа.

Хуваалцах