Зорилтот 6098 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгоно

Нийслэлийн орон сууцны корпорац, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн агаарын чанарын хяналт шалгалт тавьсан ажлын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн оролцсон ээлжит хэвлэлийн хурал боллоо.   

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу зургаан дүүргийн зорилтот айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгох халамжийн үйлчилгээг нийслэлийн Халамжийн газар, “Таван Толгой Түлш” ХХК, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажиллах үүрэг авсан. Энэ хүрээнд зорилтот 6098 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгохоор боллоо. Тухайн айлуудад сайжруулсан шахмал түлш худалдан авах картыг нь цэнэглэн, ойр байгаа түлшний цэгээсээ 7 хоногт 6 шуудай сайжруулсан шахмал түлшээ авахаар зохицуулан шийдвэрлэн ажиллаж байна.

Мөн нийслэлийн Цагдаагийн газартай хамтран 102 тусгай дугаарын утаст түүхий нүүрсний хэрэглээний зөрчлийн мэдээллийг авч амжилттай ажиллаж байна.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 18 ажлыг хийж гүйцэтгэх ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэг нь түүхий нүүрсний хэрэглээ, түүхий нүүрсийг хэрэглэж буй аж ахуй нэгжүүдийн зуухны шүүлтүүрийн ажиллагаа, агаарт нөлөөлөх нөлөөлөл, түлшний чанар стандарт болон бодитой дүгнэлт, хяналт шалгалт зэрэг 18 ажил хийхээр төлөвлөсөн.

Өнгөрсөн долоо хоногт түлшний 608 борлуулалтын цэг борлуулалт, түгээлтийг хийж ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 62 мянган тонн шахмал түлшийг Нийслэлийн 6 дүүрэгт нөөцөлсөн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 22 мянга 100 тонн нөөцтэй байна. Нөөц нь цагаан сарын баярын өдрүүдэд хүрээлцээтэй хэмээн хэллээ.

Хуваалцах