МУИС-Д 148 ШИРХЭГ СУДАЛГААНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх, МУИС, ШУТИС-ийн инженерийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, судалгааны чадавхийг бэхжүүлэх зорилготой.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс МУИС-д судалгааны зориулалттай 8,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 109 нэр төрлийн 148 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

МУИС, ШУТИС-ийн болон Япон улсын 40 гаруй их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан 20 баг ажиллаж байна. Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд тус хоёр их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулах, туршилт судалгааг олон улсын түвшинд хийх чадавхыг дээшлүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалтыг шат дараатайгаар зохион байгуулж ирсэн.

Нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмж бүхий лабораториудад ажиллах багш, ажилтнуудыг МУИС төслийн зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамруулан Япон улсад магистр, докторт, мөн богино хугацаанд сурган бэлтгэж байна. Үүнээс 34 багш, судлаачдыг докторын хөтөлбөрт, 10 судлаачдыг магистрын хөтөлбөрт, 86 судлаачдыг зэргийн бус хөтөлбөрт хамруулж Япон улсад суралцуулжээ.

Хуваалцах