news-details
Мэдээ

Амралтуудаа ажиллуулаач дарга нар аа

 

Амралт ажиллахгүй болохоор голын эрэг, булан, тохиод эзэнгүй архидалт, зодоон болж, хүүхдүүд усанд живж, гол горхи хогондоо дарагдаж байгааг дээр заларч суугаа эрхэм дарга нар мэддэг болов уу.

Зуны дэлгэр цагт агаар, салхи амьсгалах гэсэн монголчуудын хүслийг хэн ч хорьж чадахгүй. Гэтэл монголчуудын хэд нь амралтаа зөв өнгөрөөчих зуслантай билээ. Өөрсдийн хэрд таарсан амралтын газруудаа бараадаж, үр хүүхдүүдээ агаар салхинд гаргаж, өөрсдийн ядаргааг тайлдаг нь бодит үнэн. Нийтээр нь өвөлжин хөл хорьчихоод агаарт гарах гэхээр нь амралтыг нь хаачихаар гол ус бараадаж, майхан сав барихаас өөр сонголт бидэнд байхгүй. Гол, ус бараадсан иргэдийн хэд нь хогоо түүж, хэд нь галаа унтрааж явдаг билээ. Хогоо авч, галаа унтраах нь бүү хэл хүүхдээ голын усанд үйчихээд ирдэг нь гашуун үнэн. Тиймээс буух эзэн буцах хаягтай амралтуудаа ажиллуулж, байгалиа хогноос, хүүхдүүдээ живэхээс, эзэнгүй архидалт, зодооноос сэргийлж, гэмт хэргийн тоог бууруулах нэг арга байгааг эрхэм мэргэн дарга нарт дуулгах гэсэн юм.

Гэтэл хулгайгаар ажиллаж архидан согтууралтыг дэмжсэн амралтуудыг хаах шийдвэр гаргасан тухай холбогдох албаныхан нь бахархалтайгаар ярьж байгаагаасаа ичээсэй. Хэрэв амралтанд очоогүй байсан бол голын эрэг дээр эзэнгүй ямар хэрэг гарах байсан бол гэдгийг бодож үзсэн болов уу.

Нөгөөтэйгүүр, амралтын газар, хоолны газраас халдвар тархаагүй. Сонгуулийн уулзалтууд, санал хураалт, шагнал гардуулах ёслолоос халдвар үүдэлтэйг мэргэжлийн байгууллагууд нь мэдэхийн дээдээр мэдэж байж, чив чимээгүй байгаа нь бүр ч ичгэвэртэй.

Эдийн засаг талаас нь харвал амралтын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд нь эхнээсээ үүдээ барьж, эд хогшлоо борлуулж, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ буурч, хэчнээн иргэн ажлын байргүй болох эрсдэл энхүүхэнд байна. Аялал жуулчлалыг дээд цэгт нь хөгжүүлэхийн тулд дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, бэлтгэл ажлыг нь хангах тухай уриа лоозон болтол нь ярьж байсан эрхэм Ерөнхий сайд маань Хэнтийд хэдэн шавар хөшөө босгуулж аваад чимээгүй болох байсан гэж үү.

Амралтуудаа ажиллуулахгүй бол хоолны газрууд шиг мэдэгдэл гаргаж, эхнээсээ төр засгийнхаа шийдвэрийг эсэргүүцэх зоригтой ААН-үүд гарах нь цаг хугацааны асуудал. Иргэн, ААН-ийнхээ тэвчээрийг таслахгүй ухаалаг шийдвэрүүдийг дор бүр нь гаргаад явчихвал энэ бухимдлууд дээд цэгтээ хүрэхгүй нь лавтай.

Өө мартах шахлаа, амралтанд хүмүүс найз нөхөд, гэр бүлийн хүрээллээрээ л амардаг. Гэтэл цаана чинь тэр захууд, худалдааны төвүүдэд чинь хэдэн мянгаараа шавчихсан, зөрөх зайгүй л шахам байх юм билээ.

У.Жанцан

Хуваалцах