news-details
Мэдээ

Монгол улсын худалдааг дэмжих ТРАМ төслийн удирдах зөвлөлийн хурал болов

Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Монголын худалдааг дэмжих – ТРАМ төслийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Төслийн Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлаар 2020 оны ажлыг дүгнэснээс гадна төсөл бүрэн дуусахаас өмнө буюу энэ оны 7 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлын талаар хэлэлцэв. 

ТРАМ төсөл 2017 оноос худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортыг дэмжих гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Үндэсний хөгжлийн газар мөн  Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим төслийн хэрэгжилтэд оролцдог.

           

Төслийн хүрээнд худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдаанд оролцогч байгууллагуудын уялдааг хангах, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үр дүн гарсан. Түүнчлэн худалдаанд тулгамдаж байгаа саад тотгорыг бууруулж худалдааг хөнгөвчлөх, мөн экспортын кластерийг хөгжүүлж, кластерийн бүтээгдэхүүнийг экспортын зах зээлд гаргахад ТРАМ төсөл төр, бизнесийн байгууллагуудад бодитой дэмжлэг үзүүлж байна.
 
ТРАМ төслийн үр дүнг харгалзан манай тал төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх саналыг Европын Холбоонд тавиад байна.

Хуваалцах